STAGE 4, Бэртэл Атакама цөлд хоноход хүргэсэн нь

STAGE 4, Chilecito - Copiapo


Лайзон 594 км 
Спец 315 км 
нийт 909 км

Лайсон дээрээ тасралтгүй явсаар ирэнгүүтээ шилээ нэг арчсан болоод усны саваа дүүргээд л шууд гараанд гарлаа. Гараанаас гараад дахиад машинаас тусдаа trail маягийн замаар уул ороож өгсүүлэв. Өнөөдөрөөс л мотоциклондоо дасаж эхэлж, гарт орж байв.




40 км хуссан зам орж ирлээ, шулуун давхидаг зам, мотонийхоо дээд хурдыг өөрийнхөө хэмжээнд үзэв. 162 км цагийн хурд трипметр дээр зааж байна. Дахиад ч цаана нь зөндөө нөөц байгааг мэдэж байвч өндөр хурд юунд ч хүргэж мэдэх тул цааш явсангүй.


Сайхан хуссан зам дууслаа. fesh fesh. Би үнэндээ fesh fesh - ийг үзэн ядаж, хархаар л зүрх халирч эхлэв. Урд амаржин байнга ханаад гар холгоод, хурууны мах нь идэгдээд, идээлсэн нь чанга байлаа. fesh fesh дээр удаан явж үзэв, тоос нь пүргиад явах арга алга, тэгэхээр нь хойш татах маягтайгаар нилээн хурдтай явтал fesh fesh дотор гарсан ховилонд татуулаад нилээн чулуутай газар шидэгдээд уначихав. Толгой эргээд, цээж рүүгээ нилээн хүчтэй цохиулсан нь мэдэгдэж, шоконд орсон байлаа. Араас ирсэн 2 тамирчин “зүгээр үү” гээд л асуугаад байсан боловч хариу хэлж чадахгүй байлаа. Тэр 2 мотоцикл босгож өгөөд арай гэж тайвшрав. Баруун гараараа бугуйгаараа тулсан бололтой нилээн өвдөж, цээж маш хүчтэй өвдөж байв. Хавиргаа хугалчихав уу, махаа хавчуулчихав уу нэг юм болсон бололтой гэвч хавирга арай ч хугараагүй байлаа. Манай найз Ганаагийн бэлэглэсэн карбон Alpinestar хүзүүний хамгаалалт үүргээ гүйцэтгэж, хүзүү хугарахаас хамгаалсан байв. Гэхдээ хүзүүний хамгаалалт бяцарч, ашиглах боломжгүй болсон байлаа. Цаашаа 20 орчим км өвчиндөө зовиурлаад, нилээн удаан явж тааралдсан эмнэлгийн машинаас өвчин намдаагч нилээн олныг авч уугаад цааш явлаа. Эмч “зүгээр үү” гэхэд нь “зүгээрээ” л гэлээ. “Итгэлтэй байна уу” гээд нилээн нухацтай харахад нь хасагдахаас айгаад “асуудалгүй” гэв.


Цааш явж байтал Дакарын анхны том элсэн ууланд тулж очлоо. Өндөр элсэн манхан ганцхан газраараа гарах гарцтай бөгөөд тэр нь дээрээ чулуутай байв. Тэрлүү нь 3, 4 удаа дайрсан боловч гарч чадсангүй дахин үзэж байтал машинууд ороод ирэв. Нэг газар луу машин мотонууд бүгд дайрч байгаа тул машинууд нь дайрч алчих гээд хэцүү байв. Хэсэг амсхийгээд дахиад дайрья гээд хэдэн мотонууд доор байж байтал Truck - ууд орж ирээд байдал бүр муудав. Баруун дээд талаар нь дайрч үзсэн боловч өгсүүр дээрээ олон хавантай харайгаад мотоцикл хүч алдаад, гарахгүй байв.

Манханы орой дээрх хад. Машинууд дайрч алчих гээд байв








Гэтэл хамгийн өндөр манханы орой дээгүүр 2 - хон мотоний мөр гарч явсан нь харагдав. Тэр гарсан хэсэг нь өндөр боловч бартаагүй байсан ба дээр нь хэдэн үзэгч байсан тул тийшээ 3 дугаар араагаараа чинэрүүлээд дайрлаа. Орой дээр гарахын наана 4,5 хан метрийн наана оройны сул элсэнд урд дугуй шигдэж, годройтож унав. Дээр байгаа нутгийн иргэд ирээд буцаж буугаад дахиад дайр гэж байгаа бололтой дохиж зангаж байв. “Amigo no no” түрээд гаргая гэж зангав. 6, 7 хүмүүс мотоциклийг маань чирээд манханы орой дээр гаргалаа. WP - ээ хайгаад баахан мотоцикл, манхан дотор эргэлдэж байв. Гэтэл №121 SENNVANBASEL HUMPHREY тамирчин чулуутай дээр гарахын наана гацсан харагдахаар нь мотоциклоо орхин очиж мотог нь түрэлцэж гаргаж өгөөд, моторуугаа алхтал гэнэт хүмүүс орилолдоод явчих шиг болохоор нь эргээд хартал цагаан defender манхан руу дайрч гарч ирээд яг намайг мөргөх гэж байв. Тухайн үед өөрийн эрхгүй маш хурдан үсэрч, өнхөрч уналаа. Хараасаар хоцров. Хавирганы бэртэл сэдэрчих шиг бололтой дахиад амьсгаа авч чадахгүй болчив. 

Өндөр манханаас буугаад элсэн дундуур явсаар СР5 дээр ирлээ. Өвдөлтөөсөө болоод хэсэг амсхийж, эм уугаад, жаал юм идэв. Уул нь шууд тамга даруулаад хөдлөх ёстой боловч би тэгж явж чадахгүй байлаа. СР - ийнхан хурдан явахгүй бол шөнө болохыг сануулсан ч, нар жаргах бологүй 50 гаруйхан км үлдсэн байсан тул би ердөө санаа зовсонгүй, тайван сууж ундалаад, эмээ уучаад хөдөллөө. Урд өдөр нь №82 MICHAL HERNIK польш тамирчин харангадаж үхсэнээс болоод усанд хязгаар тавихаа болисон байлаа. Тэр ч байтугай замд эмч нар нь “Харж байхад энэ усыг ууж дуусга” гэж шахаж, арын богцонд савтай ус давхар давхар чихэж өгөх болсон юм. Гэтэл сүүлийн 50 км тоглоом биш байсан байжээ. Дан нугачаатай манханууд дунд WP цэгээ бүртгүүлэх гэж хайж явсаар байтал бариа ороход 20 орчим км - ийн наана 6 мототой хамт харанхуй болов. Чилийн тамирчин №91 HEILENKOTTER AXEL , туркийн тамирчин №166 OZKAPLAN KORAY болон бусад нийтдээ 7 тамирчин харанхуйд үнэндээ хаачихаа мэдэхгүй байв. Мотоциклийн гэрэлний тусгалд юм харагдагүй, манхан даваад гарахаар цаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй. Alex 8 цагийн үед “эндээ хоноод өглөө эрт явья” гэсэн санал гаргав. Гэтэл би “20 - хон км гүрийж яваад бариандаа оръё” гэж санал гаргаад явахаар болов. 7 тамирчин байсан боловч 2 нь ард хаа нэгтээ хоцроод, crosspart - ийн тамирчинг олон удаа босгосон боловч сүүлдээ хэвтээд дугарахаа болив. Бусад нь яваад өгөнгүүт би тэр тамирчинг орхихоос өөр аргагүйд хүрлээ. 2 MAN truck - ийн гэрэлд нь явсан боловч төөрөөд хаашаа явахаа мэдэхгүй байв. 2 MAN truck нэг том тогоонд 12 цагт ороод гарах боломжгүй боллоо. Гэтэл шөнийн 1 цаг гэхэд бид нар ердөө 4 км явсан байлаа.




Ингээд 1 цагт бид элсэнд хоноглохоор болов. Нөгөө 2 мото нэг манханы цаана очоод чимээгүй болов, бодвол унтахаар шийдсэн байх. Үлдсэн бид 3 нэг манханы орой дээр машинд дайруулахаас болгоомжлон жаахан өндөр дээр гал түлж хонолоо.




Тэр шөнө нөгөө 2 маань хувцасаа тайлаад элсэн дээр ядарсандаа унтаад өгөв. Би survival kit - ээ авч яваагүй учир бүтэн хувцастайгаа шөнөжин бут цуглааж, гал түлж, хоносон юм. Турк тамирчины сансарын утсаар эхнэр луугаа залгаж хонохоор болсноо дуулгав. Газар хэвтэхээр хавирга өвдөөд хэвтэж чадахгүй, шөнөжин зогсоо суугаагийн хооронд өнгөрөөв. Уух эм дууссан нь төвөгтэй байлаа. Өглөө гэгээ оронгуут бид 3 хөдлөөд явтал нэг манханы цаана нэг FJ cruiser, оросын G-Force proto багийн 2 машин нь бүгд элсэнд суугаад гацсан хоноглож байв. Цагийн дотор барианд орно гэж бодсон боловч 18 км замийг яг 2 цаг явж туулав.

No comments:

Post a Comment