STAGE 8, Диваажингаас тамд


STAGE 8, Uyuni > Iquiqe

Лайзон 24 км 
Спец 781 км 
нийт 805 км

Шөнөжин бороо орж, өглөө бороотой л байлаа. Хүн болгон stage цуцлагдах байх гэж ярилцгааж байв. Маш хүйтэн. Гараандаа давст нуураас гараа гаргав. Электрон самбар +2 градусыг зааж байв. Ихэнхи элит тамирчид зузаан хувцас, үстэй бээлий өмссөн байв. Хаанаас олоод өмсчихвөө!?.. Болдбаатар болон маш олон тамирчид цувний оронд уут цоолж өмсөөд, бид нар гартаа гялгар уут ороогоод бөөн гараанд гарлаа. Болдбаатар бид 2 замын өөрчлөлтөө зургандаа оруулаагүй бөгөөд хүн дагаад явчихна гайгүй биз гэж бодов. 

Урд бөөн гараанаас 30 минутын дараа бидний 20 тамирчин бөөн гаргалаа. Шинэ KTM 450 rally маш хүчтэй байсан бөгөөд толгойнд гарч ирсэн 3 мото 3 - уулаа шинэ KTM 450 rally байлаа. Нэг ногоон KTM миний өмнө явсан боловч тэрээр зиг заглаж уснаас бултан тойрсоор байгаад надаас хоцорчихов. Маш тэгшхэн маш гайхалтай үзэсгэлэнтэй давсан нуур жигдхэн 20 - 30 см борооны усанд бүрхэгдсэн байлаа. 120 км явна. Донсолгоо байхгүй давстай ус үсрээд нэн таатай байв, маш үзэсгэлэнтэй диваажинд явж байгаа юм шиг санагдаж байлаа. Эргээд хартал ард нэг ч хүн байхгүй, урд ч хүн байхгүй байв. Зургийн CAP градусаа харахад би зөв явж байв. Гэтэл гэнэт зураг өөрчлөгдсөнийг санаад зогсож хүлээтэл хэн ч орж ирсэнгүй. Нууран дунд нэг нисдэг тэрэг байснаар баримжаалаад буцтал 20 км явж очив. Хартал өөрчлөгдсөн зураг нисдэг тэрэгнээс CAP градусаа өөрчлөөд тамирчид явж байлаа. Тэдний араас ороод явж байтал маш олон мотоциклууд энд тэндгүй зогсоцгоож байв, саатал болсон бололтой. 


Диваажин


Яагаад саатсаныг нь ойлгохгүй явж байтал манай найз #139 Henno van Bergeijk зогсоод намайг даллаж байв. Туслах санаатай очиод зогстол стартер тасралтгүй ажиллаад мото унтраасан ч ажилласаар байгаад шууд шатчихав. F***k ийм юм болох гэж. №139 намайг зогсоосондоо их санаа зовж байв. Гал хамгаалагч, цээж утасаа шалгатал стартер бүтэн шатсан байв. №139 цахилгааны гэмтлээс болж fuel pump нь ажиллахаа болисон байв. Юу хийхээ мэдэхгүй 2 нөхөр зогсож байтал маш олон тамирчид зогсож байгаа мотонуудаас холуур дөлж яваад байгаа нь ажиглагдав. Нөгөө мото яагаад ус тойроод байсныг ойлгов. Тэрээр давстай уснаас болгоомжилж байж. Бас би 40 км давстай усан дээгүүр илүү явсан нь миний цахилгааныг бүр ноцтойгоор гэмтээжээ. 

Хэн ч зогсохгүй бид 2 байж байтал №124 Yvan renaud ирж намайг чирж асааж өглөө. Yvan №139 - ийг цааш чирж нуурын эрэг хүргэхээр болов. Цааш явж байтал шилээ мотоциклоо ухаж байхдаа орхисноо мэдээд буцаад явсан боловч зогсож байсан газраа олох боломжгүй байлаа. Дахиад 740 км явах гэж байхад шилгүй, өөрийгөө зүхсээр буцаад явлаа. Явж байтал №139 - ийг 124 2 км чирээд орхисон байлаа. №139 намайг яв яв гэж дохихоор нь цааш хөдөлтөл №124 зогсож байв. Очоод юу болсныг асуутал “мото унтарсан. юу болсныг мэдэхгүй байна” гээд зогсож байв. Би №124 - ийг чирээд цааш явлаа. 10 гаран км явтал №149 Андерс бас асуудал үүссэн 2 мототой зогсож байв. Андерс надаас ахийгаа харсан уу гэж асуугаад маш олон мото байсан мэдэхгүй гэтэл Андерс буцаад явав. Хэсэг хугацааны дараа тэрээр эргээд явж байлаа. 


124 ийг чирээд явж байгаа нь, Боливийн Салар нуур Дэлхийн хамгийн том жамц давснаас тогтосон нуур. Устай газраа мөс шиг гулгана


30 км №124 - ийг чирж нуурын эрэг дээр хүргээд №124 намайг үлдээгээд яв гэлээ. Тэнд №123 Alan delay найз нь түүнийг хүлээж байлаа. Мотоциклоо Боливийн цэргүүдээр түрүүлж асаалгуулаад цааш хөдлөв. Замд дүүрэн саатсан мото. Нилээн явж байтал дахиад унтарчихлаа. Гэтэл хамагчийн машин шаварт суусан харагдахаар нь очоод туслахыг гуйж, түрүүлэн асаалгуулаад цааш хөдөллөө. 

Нилээн явж байтал №20 номерын элит тамирчний мото асахаа больсон зогсож байв. Би чирээд 8 км - т байгаа специйн бариа ортол чирээд өгье гээд түүнийг чирэв. Fesh fesh дотор мото чирнэ гэдэг амаргүй байлаа. 8 км дээр очтол бариа дахиад 17 км цаана болж өөрчлөгдсөн гэлээ. №20 номер спец финиш хийчвэл учраа олох байх гэсний дагуу дахиад 17 км чирсээр спец 1 - ийн барианд орууллаа. Тэгээд 20 номерийг шилээ түр хэрэглүүлээч орой өгье гэсэн боловч би цааш уралдаж магадгүй гээд шилээ өгөхөөс татгалзав. За яахав. 

Neutralisation zone - оор явж Чилийн хилийг давах байлаа. Гэтэл мото заримдаа 40 минут яваад унтарна, заримдаа 5 минут яваад унтарна. Азаар хилийн бүс тул цэргүүд дүүрэн байсан тул түрж өгч тусалж байлаа. Заримдаа түрээд түрээд асахгүй байв. Хэсэг азнаад түрэхээр асаж байлаа. 100 гаран км neutralisaton zone - ийг маш зовиуртай удаан давлаа. Чилийн хил дээр иртэл №139 машинд ачуулаад ирцэн, мотоциклоо янзалчихсан байж байв. Тэрээр намайг Чили нутгийн хоолоор дайлаад цааш хөдөллөө. Дахиад 200 гаран км засмалаар дараагийн уралдааний спец рүү очино гэтэл шилгүй давстай нуур, нар салхинд түлэгдээд, хүн харахын эцэсгүй шороо орсноос нүд үрэвсээд хорсож байв. 

Засмал дээр №139 урд явж машинтай байсан нутгийн иргэний хар шилийг нь аваад надад авчирж өгөв. Хөөе чи яаж авчихваа гэсэн чинь инээгээд дээрэмдчихлээ гэв. Засмал дээр харанхуй болоод хар шилний хэрэггүй ч боллоо. Гэтэл дахиж унтраад уулын уруу түрээд асаатал гэрэл, GPS, Irritrack бүгд цахилгаангүй болов. F****k. Түрээл яахав ассдаг юм байж, гэтэл гэрэлгүй яах билээ. Гал хамгаалагч, релейнуудаа үзтэл бүгд хайлсан байлаа. Асаалтын утасаа тасдаад шууд баттерейнаас стартер луу өгч үзлээ. Амьгүй. Гэтэл засмал дээр нэг автобус зогслоо. Бартын дэмжлэг үзүүлдэг автобустай Appie Nijenhuis ирж байв. “Уралдаан үргэлжлүүлэх боломжгүй боллоо” гэдгээ хэлтэл ачаад явья гэв. Энэ хүртэл явчаад гарах нь гэж бодохоос харамсалтай байв. 

Гэхдээ нэг бодлын сэтгэл амарчих шиг байв. Гэтэл найз Барт утсаар яриад тэдний нэг мото замд саатсан тул автобусаа буцаад явах хэрэгтэй, намайг уралдаанаа үргэлжлүүл 30 км үлдсэн гэж байна гээд намайг спец 2 - ийн гараан дээр буулгаж өгөв. Спец 2 - ийн гараан дээр мотогоо түрээд ирлээ. Гэрэл, GPS, Iritrack байхгүй, асахгүй мототой юу хийх уу бүү мэд. Уул нь 30 - хан км манхан дундуур явах үлдсэн. Гэтэл тэнд Berbek хэмээх Дакарын албаны хүн Тажик “би үзэж өгье, чи явах хэрэгтэй энэ хүрчээд” гэж дэмжив. Тэд зайдас шарж өгч намайг амарч байхыг зөвлөв. Iritrack - аар Энхзолбоо руу яриад “стартер шатсан байна яахуу” гэтэл “Батболдтой манай машины багийн тундратай яваад очьё” гэв. Гэтэл Дакарын албаныхан марафон этап үйлчилгээ авах юм бол хасагдана гэдгийг анхааруулав. Тэгээд тэнд 2 цаг сууж Berbek миний мотоциклтой ноцолдсоор байгаад их гэрэлийг шууд баттерейтэй нь холбоод асааж өглөө. Irritrak байхгүй. GPS - ний өөрийнх нь батерейг цэнэглэж өгөөд, гэрэлгүй болвол гээд каскны саравч цоолж толгойны гэрэл зүүж өгөөд, амжилт хүсээд гаргалаа. Зургийн хайрцаг тоггүй, гэрэлгүй, эргэхгүй тул мөр харж явж байгаад бас алдчихав, 8 км явах гэж ухантаж ухантаж замаа олтол дахиад л мото унтарлаа, их гэрэл ч баттерей суугаад унтарлаа.

GPS - ээ унтраачаад нилээн уруу байсан тул түрээд л байлаа. Түрээд түрээд сул элсэн дээр хойд дугуй эргэхгүй тул асахгүй байсаар ёроолд нь очив. Тамын харанхуйд уналаа, Гав ганцаар ...

Тас харанхуйд нилээн зайтай цагдаагийн машины маяк асаж байгаа нь харагдав. Тийшээ толгойны гэрлээрээ нилээн удаан дохилоо. 

Найдлага тавиад дохисоор л...

Ирэхгүй нь ээ. 

Алхая...

Элсэн дунд алхаад л байлаа, харагдаж байгаагаасаа хол бололтой. Гэтэл араас харанхуйд 2 дөрвөн дугуйт, 2 мото орж ирж байгаа харагдав. Би буцаад гүйлээ, гэтэл нилээн хол явсан бололтой, тэд миний мотоний дэргэд байж байснаа, яваад өглөө. Би гүйгээд л, орилоод л, гар чийдэнгээрээ дохиод л, гүйгээд байлаа. Харсангүй ээ. Чөтгөр гэж, байрандаа байж байдаг байж. Буцаад цагдаагийн машин руугаа явлаа. Нилээн алхаад очтол 2 Чилийн цагдаа машиндаа унтаж байна.


Сэрээгээд, чирээд өгөөч гээд гуйтал ойлголцдоггүй ээ. Дохио зангаагаар “per favor” хэмээн гуйсаар моторуугаа машинтай нь явлаа. Гэтэл харанхуйд мотогоо олдоггүй ээ. Бараг 3,4 км байсан байв. Нөгөө 2 ч больё гэж байгаа бололтой буцах гээд, дээрээс нь машин нь элсэнд суугаад байв. Би ч “per favor, amigo” гэж испаниар хэдхэн мэддэг үгний нэгийг хэлсээр мотогоо оллоо. Эцэст нь чирүүлж яваад нилээн үзсэн боловч мото ассангүй. Дахиад нэг оролдьё гээд гуйтал асчихлаа. Бөөн баяр! Гэхдээ гэрэлгүй. Дахиад 4 WP авах ёстой, тэд нар нь бүгд манханы орой дээр. Гэтэл Дакарын арын албаны пажеротой залуу ирээд “тэр дээр №139 - ийн мото асахаа байсан, унтах гэж байна” гэв. Намайг дагуулаад бивок руу явья гэлээ. 5 км пажероний гэрэлд явж засмалруу ороод, бивок дээрээ өглөөний 4 цаг өнгөрч байхад ирлээ. 4 WP хаясан тул хасагдсан байх гэж бодоод, майхандаа орж тухтай унтлаа. 

15 мото ангилалын тамирчин цахилгааны улмаас хасагдсан байлаа. Цахилгаан шатсан ч уйгагүй түрсээр байгаа бариа хийсэн тамирчин ердөө 4 байсан. 




Давс цахилгаан шатаахаас гадна радиатор таг битүү болгож байв

ҮРГЭЛЖИЛЭЛИЙГ ТУН УДАХГҮЙ...

1 comment: