STAGE 12, Бурхан намайг зогсоохийг хүсэж байна.

STAGE 12, Calama - Salta

Лайзон 726 км 
Спец 298 км 
нийт 1024 км





12 дахь өдрийн дараа ерөнхийдөө Аргентиний нутагт орсон. Болдбаатарын хэлсэнчлэн Аргентинд ороод ирэхээр нутагтаа ирсэн юм шиг байдаг гэсэн тэр мэдрэмжийг яг биеэрээ мэдрээд таатай байлаа. Хүмүүс, ард түмэн нь үнэхээр сэтгэлийн хөөрөлтэй, тусч найрсаг, эргэн тойрон Чили шиг шороо биш ногоон, гайхалтай байгалтай, сэтгэл үнэхээр амар өдөр байлаа. Гараа гараад тоос ихтэй бартаагүй замаар явж байв. Энэ өдрөөс тамирчид ер нь удаан явж алдаа гаргахгүй хичээж байлаа. Гэтэл СР2 дээр бензин цэнэглэх гээд иртэл нэг тамирчин замаасаа халиад уначихсан хиймэл амьсгаа хийлгэж байв. Манай найз №257 Suguita fuel pump - ний асуудалд орсон, №141 Erik Klomp радиатор нь задарсан байв. 


Тухайн үед “ямар азаар миний мото өнөөдөр асуудалгүй явж байна” гэж бодсон боловч эрт баярласан байлаа. Бензин цэнэглээд 10 минут өнгөрөөгүй байтал хойд дугуйн гол мултарч, гинж нь араандаа гацаад, шарваад уначихав. Босоод хартал хойд голний боолт нь гээгдээд чиг баригч нь хүртэл хаягдсан байлаа. AAA F***K үгүй байлгүй дээ. Бурхан гэж байдаг бол намайг өдөр болгон асуудалд орооцолдуулж, үнэхээр барианд оруулах хүсэлгүй байгаа юм шиг санагдлаа. Зүгээр явсан өдөр нэг алга. Гэхдээ л заавал орно доо. Одоо яаж явах вэ гэж бодоод арын тамирчдыг хүлээтэл манай араас ирсэн 4 мото, 2 дөрвөн дугуйт зогссонгүй яваад өгөв. Ганцхан №299 Paulа Galves Чилийн эмэгтэй зогсож шажигнадаг татлага өглөө. Шажигнадаг татлага байлаа гээд боолтыг орлуулах боломжгүй тул усан үзмийн талбайн хашааны төмөр утасыг таслаад зогсож байтал нутгийн иргэд ирээд манай гараж явья, тэнд юм үз гэв. Гэвч цаг алдсан дэмий зүйл хийсэн байлаа. Азаар голний резба алагдаагүй байсан тул төмөр утсаар ороож тогтоогоод цааш 50, 60 км цагийн хурдтай явав. 



Цаг гаран зогссон тул дахиад л машин, ачааны тэргүүд орж ирээд нарийн зам байсан тул бүр явах боломж олгохгүй байлаа. Гэтэл ард Камазын багийнхан ирээд сигналдаад л яваад байв, зам тавьж өгөх боломж байхгүй тул гүрийгээд л яваад байлаа. Дотроо уур их хүрч явлаа өөртөө. Гэтэл азаар ч гэх юм уу барианд орохоос 80 км - ийн наана яг урд нэг MAN truck онхолдож, зам бүтэн хаагаад хөндлөн уначив. Гэтэл араас №141 Erik Klomp радиатороо янзлаад ард ирсэн байлаа. Боломж олдсон дээр нь араас машин орж ирэхгүйг далимдуулж нилээн урагшилья гэж бодоод боолтгүй хэдий ч Klomp бид 2 чадлаараа явсаар байгаад специйн барианд орж ирлээ.


Барианд орж ирээд хойд голоо харуулахад манай гараа барианы аль хэдийн найз болсон нөхдүүд толгой сэгсрээд л “Crazy Mongol, Never stops” (Галзуу Монгол, хэзээ ч зогсошгүй) гэсээр баяр хүргэв. Гэвч өнөөдөрийн бэрхшээл дуусагүй байлаа. Хойд голний боолтгүй хар халуунд дахиад 800 км явж барианд орох дутуу байлаа.

800 км Халуун, Үсний сэнс урдаас үлээгээд л, Нойр хүрээд, Ядаж байхад хойд дугуй савалгаатай. Тэсэх л хэрэгтэй....

 Барианд орж ирээд үндсэндээ маргааш сүүлийн өдөр тул ачаагаа янзалж бэлдэх хувцас, хунараа янзлах гэсээр байтал 1 цаг унтах л зай гарсан тул унталгүй маргааш нь гараандаа гарахаар шийдсэн билээ.

3 comments: