STAGE 2, Харангадаж үхэх шахсан нь.

STAGE 2, Villa Carlos Paz > San Juan

Лайзон 107 км 
Спец 518 км 
нийт 625 км



Лайзон Болдбаатар гарах аль хэдийн болчоод байхад алга болчив 



Миний арын мотонууд гараад эхлэв


Энэ өдөр Болдбаатарыг босгоод гараандаа гарах цаг нь болсоныг сануулаад, би цагаараа лайсондоо гарав. Спец эхлэхэд миний арын мотоциклууд гараад байхаар нь яагаад намайг дуудахгүй байгаад гайхаж байтал гарааны шүүгч толгой сэгсэрэн ирснээ “Чи 11 минут алдсан байна гараачээ. Танай нөгөө Монгол чинь сая гарлаа, энэ монголчууд уу” гэж үглэсээр гаргав. Гэтэл би 11 минут манай Болдбаатар дөнгөж миний өмнө гарч 40 гаран минут алдсан байлаа.


2000 орчим метрийн уулан дээрээс далайн түвшин рүү огцом буудаг маш сайхан байгалтай өндөр уулнаас 150 км явж буув. Хавцал дээрээс харахад онгоцонд яваа юм шиг мэдрэмж төрөх бөгөөд удаан харвал толгой эргэхээр байсан тул зөвхөн замаа харж явлаа.


150 орчим км яваад анх удаа FESH FESH гэдэг зүйлтэй тулгарлаа. 10 - 50 см зузаан нунтаг тоос доороо ховил, нүх, чулуутай бөгөөд тэр нь мэдэгдэхгүй үнэндээ анх удаа ийм зам дээр явж үзэж байв. СP1 орохын наана N159 Carl Hagenblad цахилгааны асуудалтай зогсож байхад нь таараад туслах гэтэл гэнэт мотоцикл нь асаад цааш хөдлөв.


СP1 дээр бензинээ цэнэглээд цааш хөдлөөд нилээн олон мотоцикл урд харагдаж 100% чадлаараа явж нилээн олныг гүйцсэн боловч зургаа уншихгүй явсанаас болоод 90 градусын эргэлтэн дээр чигээрээ орсоноос болоод тариан талбай заагласан устай сувган дээгүүр нэвт харайгаад азаар цаана нь тогтлоо. Ерөнхийдөө зураг унших шаардлагагүй юм байна гэж бодож байтал бас тэнэг зүйл хийж байгаагаа ойлгов.







Энэ далан бөгөөд энэ бичлэгэн дээр би байхгүй болно



CP1 Аагиж эхэлж байна даа

СР2 барианд орохоос өмнө маш халуун болж байлаа. СР - ээс наана 18 км дутуу байхад элсэн дов мөргөж унаад амьсгаагаа дарах гэж хэсэг зогсов. Тэгээд ер нь тайван амарч байгаад хөдлөх хэрэгтэй гэж хүн зөвлөж байсны дагуу каск, жакет хамгаалалтаа тайлаад амьсгаагаа дарах гэж оролдсон нь маш тэнэг үйлдэл байсныг удалгүй ойлгосон юм. 48 градус халуунд бүтэн хувцасаа тайлангууд биеийн хамаг шингэн арьсаар хөлс болон алдагдаад шууд толгой эргэн нүд харанхуйлж шоконд оров. Энэ хүртэл олон мото гүйцэж байгаадаа хөөрөөд хүчээ нөөлгүй хамаг чадлаараа явсан нь тамирдуулаад дээрээс нь dehydration буюу шингэний дутагдалд ороод ухаан алдаж унахад тун ойрхон байв. Хувцасаа арай гэж өмсөөд цааш хөдөлсөн боловч нүд бүрэлзэж, толгой эргээд, гар ямар ч тамиргүй хэдхэн метр яваад fesh fesh дээр дахиад унчихлаа. Босож чадахгүй байхад араас орж ирсэн мотонууд миний хажууд ирээд зүгээр харахаас өөрөөр тусалж чадахгүй болтлоо тэд тамирдцгаасан байв. 


359 км дэх СР3 хүрэх 18 км - т маш олон мотоциклууд унасан, явж чадахгүй болсон байсан бөгөөд эмнэлгийн машин, нисдэг тэрэгнүүд дүүрэн байлаа. Гараанд эрт гарсан тамирчид энэхүү дэлхийн хамгийн халуун цэгийн нэгт тооцогддог газрыг сэрүүн байхад нь туулсан бөгөөд сүүлийн 40 тамирчин бидний хувьд нар дээр хөөрсөн ид халуунд нь туулах хэрэгтэй байв. Замд унасан мотоциклд туслах санаа байвч дэргэд нь зогсож өөрөө амсхийхээс цаашгүй болтлоо тамирдсан байв. СР3 хүртлэх 18 км - ийг бүтэн цаг гаран бараг мөлхөн байж туулав. 


СР3 дээр ирээд 15 минутанд бензинээ цэнэглээд цааш гарах байлаа. Зохион байгуулагчийн зүгээс 500 мл - ийн 2 ус өгсөн нь балгахын төдийд алга болоод дахиж ус авах гэсэн боловч өгөхгүй байлаа. Гэтэл оросоор нилээн сайн ярьдаг Франц эмч надад дахиж 2 литр ус авчирч өгч аминд оров. Тэрээр хэлэхдээ ер нь өдөрт 10 литр ус ууж байж хэвийн байдлаа хадгалж чадна, аль болох их ус авч явахыг надад зөвлөв. 


Гараанд гарах боллоо. СР - ийн электрон индикатор 48 градусын халуун зааж байв. Халуун хуурай саунд, усгүй, 135 кг мототой ноцолдоод бүтэн хамгаалалтын хувцастай, нүд бүрэлзээд дахиад яаж энэ халуунд 159 км явнаа гэж яс хавтайж байв. 




Урдуур гарсан тамирчид халуунаас өмнө энэ цөлийг гарчихсан байв 
Жич энэ бичлэг Stage 4 гэсэн боловч Stage 2 ийн бичлэг бөгөөд 4 дэхь өдөр үзүүлсэн билээ 


Тоолж эхэллээ 30 секунд, гэнэт тэндээс зохион байгуулагчид STOP STOP Stage cancel гэж орилоход тэнд байсан 20 орчим тамирчид бүгд орилолдон каскаа шидэж, зарим нь бие биенээ тэвэрч байлаа. Хэт халуун болсон, №110 Тамирчин Peugot д дайруулаад ухаангүй аюултай нөхцөл байдал үүссэн гээд этап цуцлагджээ. Нүд бүрэлзээд байсан хүн чинь гэнэт л өөрийн эрхгүй инээд хүрээд явчихлаа. Хэрвээ 30 секундын дараа цуцлагдсан бол би гараандаа гарчихсан цааш дараагын цэг очих нь тун бүрхэг байлаа. Аз ивээлээ. 2 дахь өдрөө эгээтэй л тэмцээнээс хасагдчихсангүй. Мото ангилалаас 14 тамирчин СР3 хүрч чадалгүй хасагдсан байлаа. Гэхдээ stage cancel болсон хэдий ч энэ халуун дахиад 200 орчим км шороо болон засмалаар явж бивок орох байлаа. Бивок дээрээ иртэл манай машин арай ирээгүй, Болдбаатар ирээгүй байв. №83 Болдбаатар СР3 - аас stage цуцлагдахаас өмнө гараад явсан тул санаа зовж байсан боловч замын дундаас нь зогсоож 20 - иод тамирчныг цуглахыг хүлээж бивок дээр ирсэн байлаа. 










1 comment: