STAGE 11, Үзэсгэлэнт Аргентин

STAGE 11, Salta - Termas de rio hondo

Лайзон 161 км 
Спец 351 км 
нийт 512 км

Эхний өдөр болоод энэ өдөр л санаснаараа ямар нэгэн асуудалгүй ч гэх юм уу, адал явдалгүй ч гэх юм уу сайхан явлаа. Гэхдээ давс дахиад л идэж эхэлсэн бололтой стартер үе үе байхгүй болоод байв. 10 гаран килограмм турсан тул каск томдоод, салхинд хажуу тийш эргэх гээд байв. Үзлэг дээр зарим хүмүүс 2 размерын каск шалгуулаад байсан учрыг одоо л ойлгов. Хүн турахаар толгой бас их турдаг байх нь. Хэдий унтаагүй, халуун байсан ч гэсэн ердөө ч хэцүү санагдахгүй сайхан байв. Зам бартаагүй ихэвчлэн сайжруулсан замаар маш үзэсгэлэнтэй байгалиар явж байлаа. Манай найз №124 Ivan харагдахгүй байв. Өнөөдөр гэнэт урагшаагаа базаж дээ манай хүн. Neutralisation zone дуусад дундын бариан дээр өнөдөөр Rally Mongolia шиг нэг цаг амраав. 

Амарч байх хугацаандаа урд харагдах мөнх цастай 4000 м үүлэн дунд орших уулыг бишрээд харж байв. Гэтэл зам тэр уулыг чиглэж явсаар байгаад жимээр өгсөв. Даваад л, даваад л. Хичнээн ч давав. 

Үүлэнд орлоо. Битүү манан, бороо...
Үүлнээс дээшээ гарлаа. 

Гайхамшигтай. Үнэхээр гайхамшигтай мэдрэмж эргэн тойрон хэдэн зуун км алс харагдана. Элс, далай, Андын нуруу, ногоон хөндий, цас. Тэнд уулын орой дээр бараг 10 - аад минут зогсож байгалийн сайхныг бишрэв. Дакарт хэд хэдэн удаа ядраад яах гэж ингэж өөрийгөө зовоож байгааг гайхаад явж байх үед гайхамшигт байгаль харахад тэр олон хоногийн нойр, хоолгүй, ядаргаа бүх юм тэрхэн мөчид бүгд мартагдана. Аргентин үнэхээр үзэсгэлэнтэй газар. Даваа давахад 60 км уулыг хярлаж өгссөн байлаа. Орой дээр манай найз №124 Ivan инээчихсэн зогсож байв. Тэрээр замын хажуу руу хальж унаад эгээтэй л хавцал руу нисчилгүй тогтсон байлаа. Руль нь хугарчихсан мань хүн сууриар нь зөөж боогоод саарал скочоор скочдоод хамт явав.


Уулны доор, дунд дээр энэ хэдхэн цагийн дотор биеэрээ явж үзлээ. Бивок маш том талбайд, машины уралдааны талбай стадионд байрлаж байв. Намайг орж ирэхэд хүн болгон баяр хүргээд л. Тэвэрч аваад л нэг л бишээ. Усанд орох гээд явж байтал олон ч том аваргууд баяр хүргэе “Tough Mongolian” гэв. Бивокийн телевизээр миний тухай гаргасан юм байж. Гэнэт од болчдог юм байна. Найз Bianchi Prata, Laia Sanz 2 хамт байв. Очиод жаал юм яриж байгаад Super human (women биш шүү human) хочит Laia Sanz - тай гараа зэрэгцүүлж үзэв. Би бас том гартай өндөр хүндээ гэтэл түүний гар миний гартай яг том жижгээрээ бас үзэмжгүйгээрээ, палгираараа хүртэл адилхан байв. Хөөрхөн ааштай мундаг бүсгүй. Монголд эмэгтэй хүнээс муу явлаа гэлцэх гэтэл Дакарт элит тамирчид нь энэ хүүхнээ гүйцэхгүй юу гэж асуухаар биднийг битгий энэ super human - тай харьцуул гэх юм билээ. Энэ өдөр хангалттай их унтав. 4 цаг!!!

1 comment: