STAGE 6, Fesh fesh эксковатор, Crazy ain!

STAGE 6, ANTOFAGASTA - IQUIQUE

Лайзон 369 км 
Спец 319 км 
нийт 788 км

Хэсэг дуг хийгээд гараандаа гарлаа. Урд өдөр нь хуралдаа сууж амжаагүй тул барианд орохын наана бензинээ цэнэглэх ёстой байсан гэв. Гараанаас гараад бензин колонк дээр очитол мото, машины тамирчид бүгд зогсохгүй явчлаа. Бас л карт уншихгүй гэв. Банк асуутал өглөө эрт онгойсон банк байхгүй, ATM байдаггүй гэв. SHIT. Бүтэлгүйтэл үргэлжилсээр. Аз болж Дакар дагаж байгаа BMW мотоциклтой аялагч нар ирэв. Асуудалаа хэлээд аргентиний песо юм уу америк доллар солилцоо хийе гэж гуйв. Гэтэл тэд нар асуудалгүй “бид бензинээр спонсорльё” гээд банк дүүргэж өгч туслав. Баярласнаа илэрхийлээд дараа эргүүлж төлөхөө амалтал, “Бидэнтэй мөнгө бүү ярь. Бид HONDA багийн спонсорууд байна” гэв. Их баярлалаа.


Гараанаас гараад дахиад л fesh fesh, тамын халуун, урд 3 дөрвөн дугуйт бие биенээ гүйцэх гээд оролдоод явж байв. Гэтэл гэнэт хамгийн арын дөрвөн дугуйт №297 Jose salaverry замгүй гүйцэх гэж байгаад жалга руу нисчлээ. Яваад очитол хөл нь маш эвгүй байрлалтай хэвтэж байв. Хөдөлж чадахгүй. Би бууж толгой доор нь юм ивж өгөөд, ус балгуулаад irritrack - аараа ярьж нисдэг тэрэг дуудаж өгөөд, иртэл нь хүлээв. 10 орчим минутын дараа нисдэг тэрэг маш хурдан ирлээ. Азаар би амьд байна! Бурхан минь! гээд л орилоод байв. Би ч тайвшруулаад “зүгээрээ, сүртэй зүйл биш байх” гэж тайвшруулж байсан боловч хөлийг нь харахаар нүд хальтраад байв. “Өөрөө харъя. Миний толгойг өргөөд өгөөч” гээд байсан боловч хараад ухаан алдчихаж магад гэж болгоомжлоод харуулсангүй. Эмч ирсэний хойно хөдлөөд цааш явлаа.


Fesh fesh, уул хөндий, тэр чигээрээ fesh fesh. Авах ёстой цэгүүд дандаа уулын орой дээр хэцүү газруудад байрласан байх бөгөөд дээшээ хар эрчээрээ дайрхаас өөр аргагүй, ийм юмаар явж болдог юм уу л гэж байнга бодож байв. Буцах газаргүй нүдээ аниад л явна. Ер нь бол буруу газраа буруу тэмцээндээ ирсэнээ ойлгож байлаа. Ядаж enduro cross - ийн зам дээр явж үзээд, 10 хоног багшаар дасгалжуулагчаар техник заалгасан ч болоосой гэж бодов. Одоо бол Дакарт өөрөө сурахаас өөр арга алга. Монгол тэмцээнүүдийн зам үнэндээ Дакарын замтай адилтгах зам байхгүй байлаа.

Явж л байлаа, гэтэл урд fesh fesh уул гараад ирлээ, цэг нь орой дээрээ. Чөтгөр гэж дээшээ гарах гээд мотоциклууд тэр уулыг самардаад хаячихсан байлаа. 3, 4 удаа дайраад гарч чадахгүй байж байтал замд техникийн сааталтай зогсож байсан Yamaha элит тамирчин N30 Marc Guash орж ирлээ. Яаж гарах нь уу гээд харж байтал гарахын наах нь шидүүлээд өөрөө нэг тийшээ нисээд, мото нь нөгөө тийшээ нисээд мотоцикл нь базсан цаас шиг болов. 


Огцом жалганы хажуу ирмэгээр зам эвдрээгүй байсан тул, тэрүүгээр нь дайрч байгаад чулуунд шидүүлээд нөгөө огцом жалга руугаа нисчлээ. Доошоо 40, 50 метр орчим нуруугаараа гулсаад дээрээс мотоцикл гулсаж явсаар жалганы ёроолд мотоциклондоо даруулаад маш гүн fesh fesh - нд шумбаад орчив. Ам руу бензин fesh fesh 2 холилдож ороод аймшигтай юм болов. Босоод хартал багцаагаар жалганы ёроолд хуримтлагдсан 80 - 90 см fesh fesh өвдгөөр татаж байлаа. Мотоциклийн тал нь л цухуйж байв. Маш огцом битүү fesh fesh тэй жалгаар уруудахаас өөр аргагүй тул доошоо хартал ердөө 10 орчим метр яваад жалга арай уужуу болж байлаа. Гэтэл irritrack орилоод “зүгээр үү” гээд яриад л байв. Минийх микрофон нь эвдрэлтэй irritrack тул ногоон товчлуураа дарчаад fesh fesh - д мотогоо асаагаад хөдөлтөл бүүр доошоо ухаад мотоциклоо гаргах аргагүй болов. 


fesh fesh yamaha factory rider


20 - иод минутын дараа 2 ч нисдэг тэрэг эргэлдээд л байв. Гэтэл сүүлд нь харах нээ тэр ууланд Yamaha тамирчин бид 2 - оос гадна өөр нэг мотоцикл, нэг дөрвөн дугуйт гацсан байлаа. 10 метр fesh fesh - ээ зайлуулаад мотогоо гаргахаас өөр аргагүй байсан тул гараараа ухаж, жакет нь дээрээ тавьж зөөв. Өдөр 12 цагт жалганд унасан хүн 3 цаг гэхэд жалганаасаа гарлаа. 3 цаг fesh fesh зөөжээ. Нисдэг тэрэгнээс олс унжуулаад намайг авах гэж оролдох үед нь татгалзаад дохиогоор хэвийн гээд явуулчив. Жалга уулын ар талаас гарч ирсэн нь бүүр хүнд байсан тул араас нь дайрч байгаад орой дээр нь хүрэхээс 100 орчим метрийн наана мотоцикл арагшаа саваад ирэхээр нь хүчтэй хаазалж савуулаад шидчихэв. Шидэгдсэн мото овоохон дээр очоод тогтжээ. Мөлхөж очиод GPS - ээ хартал YEEES WP - гээ авсан байлаа. 


Fesh fesh ухаж байхдаа №83 Болдбаатарт уур хүрч байлаа. Хавар эндуро бэлтгэл хийгээд Энхсаруул, Андерс, Болдбаатар бид хэд Асралт хайрханы тийшээ бэлтгэл хийж явж байхад Болдбаатар Дакарт “энэ нь шиг хэцүү зам байхгүй ш дээ, амархан гайгүй” гэхэд нь за тэгвэл бас гайгүй л юм байна даа гэж бодоод явна даа гэж бодож хууртагдсанаа мэдэх тусам уур хүрч байв. Лхамаа Дакар бол тэр чигтээ эндуро кросс зам 200-500 км үргэлжилнэ гэхэд нь үнэндээ итгээгүй юм. Гэтэл үнэхээр тийм байлаа.

Дакар явсан найз нөхдөөсөө сонсож бичлэг их судалж ирсэн боловч өөрийн биеээр туулахад, харсанаас шал өөр болхийг ойлгов. 


Fesh fesh уулын оройд гараагүй ч мотогоо шидсэний хүчинд WP авч, цааш явсаар барианд ороход 50 орчим км дутуу байхад манхан дунд харанхуй боллоо. Барианд ороход 50 - хан км ч гэхдээ харанхуйд явах боломж байхгүй байв. Энэ тэндгүй л гацсан машин, ачааны машинууд №124 Yvan Renaud, №123 Alan Delay бас зогсож байв. Би цааш ганцаараа хөдөллөө. 


Stage 6 - ийн дараа гэхэд хамт явдаг хүмүүсээс 2, 3 нь урагшлаад бид №123, №124 №134 бид 4 - өөс бусад нь үндсэндээ хасагдсан байлаа. Хамт явдаг хүмүүс хасагдаад байхаар эвгүй байлаа. 


Харайнхуйд хэдэн ч удаа тогоо руу годройтож оров. Мотоцикл тээр дээр, би өөрөө тээр доор унаад хэсэг сууж амьсгаагаа дарна, тэгээд дээшээ мотоциклруугаа гүйнэ. Гүйхгүй бол огцом сул элсэн дээр хөл доороо гулсаад доошоо явна уу гэхээс дээшээ явахгүй тул гүйж хүчээ нөөж байгаад гүйгээд үсэрч аль нэг дугуйнаас нь зуурч, авирч дээр нь гарч тогтоно, өөр арга байхгүй. 

Би Дакарт явах нь тодорхой болсон өдрөөс хойш буюу 5 сараас эхлэн ууланд 10 км гүйх, заалны бэлтгэл хийх, Rally Mongolia - д бэлтгэл хийх зэргээр нилээн бэлтгэл хийсэн ч энэ өдрүүд шиг ачаалал үнэхээр авч үзсэнгүй. Бэлтгэл дээр шантраад больё гээд ядрахаараа заримдаа бэлтгэлээ тасалдаг хүн энд болих эрх байхгүй, ард намайг харж байгаа , найдаж байгаа олон хүн байгаа, эдгээр шөнүүдэд унтахгүй санаа нь зовж байгаа гэдгийг бодохоор өөрийн эрхгүй л босож байлаа. Бараг хичнээн удаа мотоциклоо өргөж, босгов, цагаа тулахаар хаанаас энэ их эрч хүч гараад байгааг үнэндээ ойлгохгүй байлаа. Ганцхан бодож байгаа зүйл хүн цагаа тулахаар ямар амь бөхтэй, нойр даадаг юм бэ л гэсэн бодол үе үе орж ирж байв. Хэрвээ одоо хасагдах юм бол финиш хийх гэж дахиж ирэх хэрэг гарна. Энэ тамын газар тамын тэмцээнд дахиж ирнэ гэхээс л одоо дуусгасан нь дээр гэж бодогдоно. 


Нэг элсэн тогоонд орчоод хаашаа гарахаа мэдэхгүй хэсэг амсхийгээд сууж байтал гар чийдэн тусгасан 2 хүн тэр дээрээс ирлээ. Гар чийдэнгээ нүүр лүү тусгаад юм яриад асуугаад байсан тэгтэл камертай телевизийн багийнхан байсныг мэдсэнгүй. Чөтгөр гэж камер гэж мэдсэн бол ядаж нүүрнийхээ элсийг арилгахгүй юу. Тэндээсээ тэр 2 - оор газарчлуулж RENAULT - ийн 2 ачаана автомашин, нэг buggy дээр очиж буудаллаа. Бүгд гэгээ орохыг хүлээхээс өөр аргагүй тул унтахаар шийдэв. Телевизийн багийнхан биднийг халуун вино, шарсан махаар дайлж хөөрхөн party хийв. 




Өглөө гэгээ оронгуут би нөгөө хэдээсээ салж ганцаараа хөдөллөө. Одоо юухан байхав гээд явтал уул руу өгсөөд битүү мананд орчихов. 20 - иод метрээс цааш зам харагдахаа байгаад төөрчив. Нэг элсний орой дээр зогсоод манан буухийг хүлээсэн боловч мөдгүй шинжтэй. Урагшаа хойшоо, хаашаа явж байгаагаа мэдэхгүй, бүр огт мөргүй манхан дунд яваад байлаа. Нилээн өндөр манхан дээр гарч каскаа тайлаад чимээ чагнатал, нилээн доор мотоцикл buggy - ний дуу сонсогдов. Тэр лүү чиглээд 4,5 км явтал мөр орж ирэн замаараа явсаар барианд орлоо. YESSS Маргааш амарна!!!

7 comments:

  1. Баярллаа. Дакарыг камерийн араас биш мотоцикл дээрээс мэдрүүлж байгаад
    Дараагийн өдрүүдийн тэмдэглэлийг тэсэн ядан хүлээж байна

    ReplyDelete
  2. Bayarlalaa, bur nudend haragdtal bichjee, umnuus chn haraal idsen fesh fesh n duusaasai gej ugleed l unshaad blaashd

    ReplyDelete
  3. Үнэхээр сүүлийн үед уншаагүй сонирхолтой юм уншиж байна. Баярлалаа. Үнэн чанга юмаа.

    ReplyDelete
  4. Энэ тамын газар тамын тэмцээнд дахиж ирнэ гэхээс л одоо дуусгасан нь дээр гэж бодогдоно гэж байна. Дахиж дакарт уралдах уу ?

    ReplyDelete
  5. Ганцхан бодож байгаа зүйл хүн цагаа тулахаар ямар амь бөхтэй, нойр даадаг юм бэ л гэсэн бодол үе үе орж ирж байв. Хэрвээ одоо хасагдах юм бол финиш хийх гэж дахиж ирэх хэрэг гарна. Энэ тамын газар тамын тэмцээнд дахиж ирнэ гэхээс л одоо дуусгасан нь дээр гэж бодогдоно.
    Uneheer muundag

    ReplyDelete