STAGE 10, Mongolians never stops, Монголчууд хэзээ ч бууж өгдөггүй

STAGE 10, Calama - Salta

Лайзон 520 км 
Спец 371 км 
нийт 891 км


2 Дахь Марафон этапын гараа эхэллээ. Бивок дээр орой бензин цэнэглэж өгсөн боловч би шөнө ирсэн тул надад цэнэглэж өгсөнгүй. 195 дахь км дээр цэнэглэнэ гэв. Бензин байхгүй тул лайсон гараандаа гарчаад эргэж ирээд Энхзолбоогоос бензин асуутал Болдбаатар бас бензингүй, Бартаас 20 л аваад явсан гэв. Барт дээр очтол явчихсан, нэг механик нь Болдбаатарыг байсан бензинийг аваад явсан гэв. Гарааныхаа эсрэг зүг 17 км суурин газар очиж бензинээ аваад буцаад явлаа.

Лайсон дээрээ явсаар байгаад специйн гараан дээр очитол хэдийн бүх мото гарч дуусаад, цагийн дараа гарч байгаа машинууд гараад дундаа орж байлаа. 2 дөрвөн дугуйт, 3 мото өглөө ирээд шууд гарч байна гээд тэнд гараагүй байж байв. №124 Yvan Renaud бүх машин гарсан хойно гарна гээд унтаж байв. №75, №76 аав хүү Simon ба Llewelyn Pavey 2 байж байв. Шууд өглөө ирээд гараандаа гарч байна гээд хүү нь эмнэлгийн машин дотор дусал залгуулаад байж байв. Llewelyn бид 2 нилээн буу халлаа. Тэрээр маш багаасаа мотоцикл унасан бөгөөд манай Болдбаатарын фэн байлаа. Тэрээр Болдбаатарыг маш их бэлтгэл хийдэг байх, та нар Монголд байнга элсэн дээр бэлтгэл хийдэг үү гэлээ. Гэтэл би мото унаж сураад 3 жил болж байгаа, ийм том тэмцээнд анх удаа орж байгаа, 9 сараас хойш мото унаагүй, Болдбаатарыг огт бэлтгэл хийдэггүй, байгалиасаа төрөлхийн авъяастай гэтэл мэл гайхаж цэл хөхрөв. 3 настайгаасаа мото унаж байгаа, Дакарт орох гэж Грек, Африк, Австралид олон уралдаанд оролцоод Дакарт ирээд орж байна, та нар шууд энд ирж уралддаг бас л солиотой гарууд уу ухааны юм ярилаа. Болдбаатарыг элсэн дээр маш гайхалтай явж байсан, дагах гэж оролдсон боловч үсрээд үсрээд алга болчихсон гээд үнэн биширсэн байв. Би 3 жил мото унаад орж байна тэнэг зүйл хийж байна даа гэтэл тэнэг гэхэд ч багадна гэсэн нь үнэн байлаа.


2 дөрвөн дугуйт машинуудын дундуур гараад явчихлаа. Би нилээн байж байгаад truck - нуудын дунд ороод гарав. Гайхалтай байгалиар аялж амарч, их л удаан явлаа. Хоол идээгүй, өвчин намдаах эм үе үе хэрэглэснээс болоод дотор муухайраад бүр хэцүү байв. Хажуугаар аав хүү Pavey явж өнгөрлөө. Тэд өндөр уулан дээр trail - ийн замаар үнэхээр сайн явах юм. Нэг уулан дээр гараад зогсож байтал манай машины багийнхан хажууд ирж зогсов. Лхамаа цонхоо онгойлголоо. Цав цагаан хувцастай, кондишн тавьчихсан, сандал дээр суучихсан атаархмаар харагдлаа. Солигдоод явьяааааа л гэмээр санагдав. Хэхэ. Лхамаа зүгээр үү гээд надад нэг redbull задалж өгөөд одоо ойрхон хичээгээрэй гээд хөдлөв.


Дундын бариан дээр ирээд хаашаа явахаа мэдэхээ байчихав. №124 бид 2 уулзаад хаашаа явах вэ гэтэл тэр бас зураггүй байв. Дагах мото байхгүй. Машинууд байгаа боловч спец 2 машин, мото тусдаа явна. Хүн амьтнаас асуусаар цааш neutralisation zone дээрээ явж байтал №75 Llewelyn - ний мотоциклд цахилгааны асуудал үүсээд, аав нь чирээд явж байв. Спец 2 - ийн гараа эндээс гарсан гэж truck - ний тамирчид зааж өгсөний дагуу №124 бид 2 явж байтал Бартын BAS TRUCK - ийн багийн 2 мото №132 Caspar van Heertum, №64 Bastiaan Nijen Twilhaar 2 зогсож байв. Тэр 2 - ийн инжекторт давс ороод бөглөрсөн 4 дэх удаагаа задалж байна гэв. Ivan бид 2 спец 2 - ийн гараа хаана байна вэ гэтэл тэрээр та 2 уралдааны замдаа ороод аль хэдийн 8 км явж байна гэв. Бид 2 зураггүй спец, neutralization - аа ч ялгахгүй явж байв. Ууланд харанхуй боллоо. Зураг байхгүй машины зам тусдаа тул мөрөөр нь дагаад л яваад байлаа. N124 Renaud надаас бүр холдоод алга болжээ. Явж байгаа мотоциклнууд нэг голын сайр дотор төөрсөн бололтой тал тал тийшээ зам гаргаад бужигнуулчихаж. Харанхуйд Аль замаар нь явахаа мэдэхгүй араас мотоцикл ирэхийг хүлээж цаг болов. Гэтэл дээр нэг гэрэл бутан дунд хальт үзэгдэхээр нь яваад очитол №323 Guerlain Chicherit, Zebra buggy бутанд гацсан зогсож байв. Машины замтайгаа эргээд нийлсэн бололтой машины гэрэлд нь замаа олж аваад цаг явлаа. Гэтэл уулын хажуугийн жалганд нэг балгасан дунд уначихав. Манраад амсхийх санаатай хэвттэл, балгаснаас нэг хүн гараад ирлээ. “Ola” гэлээ, дуугарахгүй харанхуйд аахилаад наашлаад байв.”OLA AMIGO” /сайн уу, найзаа/ гэхэд дуугарахгүй ойртоод байнгуут айдас төрөөд босож чадахгүй хэвтэж байсан хүн үсэрч босоод мотогоо гуд татаж босгоод зугтлаа.


Нүд бүрэлзээд, тамирлаад ер нь рулээ барьж дийлэхээ байлаа. Дахиад л уначихлаа. Мотоциклоо 2,3 босгох гэж оролдоод үнэндээ барсангүй, чих шуугиад, нүд харанхуйлаад. Анх удаа шантарлаа. Ерөөсөө больё, барианд ороод 116 км явна. Тэгээд унтахгүй, хавирга өвдөөд байгаа юм уу, зүрх ч байж магад ер нь л яг одоо үхэх гэж байгаа юм шиг санагдаад бууж өгчөөд хэвтэж байв. BAS truck - ийн 2 инжектороо цэвэрлчихээд ирж байв. №132 Caspar van Heertum ирээд мото босгод “зүгээр үү” гэж асуулаа. Хариу хэлж чадахгүй байлаа. Үг дугарах тэр тусмаа ядарсан үед ярина гэдэг боломжгүй, зүгээр л уухичаад байв. Caspar ирж намайг мотон дээр өргөж суулгав. Үнэхээр өргөөд суулгацан тэрээр 190 ст өндөр чийрэг эр билээ. Араас алгадсанаа, урд гэрэл арчиж өгөөд “Mongolians Never Stops” (Монголчууд хэзээ ч бууж өгдөггүй) гэж хэлээд яваад өгөв. Тэр үгийг сонсоод үнэхээр гайхалтай,  шууд л хүч орлоо. Mongolians never stops!!! Энэ үгийг барианд орж ирэх болгонд сүүлийн хэдэн өдөр Гараа барианы шүүгч нар болон тамирчид хэлж намайг барианд өдөр шөнө алинд ч орсон бүгд босож зогсоод алга ташиж угтдаг болсон байсан билээ.

Ганц үг ийм хүчтэй байх юм гэж хэзээ ч бодож байсангүй. Хүч ороод л явчив.
Кинон дээр л ялагдаж байснаа гэнэт ялаад эхэлдэг. Үнэхээр бас тэгдэг л юм байна.

Гэтэл би шууд л шүд зуугаад хөдөллөө. Тэр 2 - ийн улаан гэрлийг хараад л хоцорч болохгүй, хоцрох юм бол төөрнө, тэгээд дуусна гээд хамаг хүчээрээ хойноос нь явлаа. Гэрэл холдоод л байдаг, сүүлдээ хоцрохгуйн тулд тултал нь давхилаа. Шидүүлээд унавал тэр л биз. Ялгаа байхгүй гээд…. Тэнгэр ивээдэг л юм байна. Бариа!!!!


Марафон этап сургуулийн зааланд хонуулав. 1 цагийн дараа босох учираас унтах уу, усанд орох уу гэдэг сонголт ирэв. Усанд орохгүй бол өмхийрэх нь ээ. Дарааллаад хувцастайгаа усанд оролгүй явчихсан. Усанд орлоо. Дараа нь эмч дээр очиж рентгенд харуулаад үнэнээ хэллээ. Зүрх байх вий гэж үнэхээр айж байсан ч хавирга цуурсан байна гэж байна. Ямар арга байна гэтэл арга байхгүй наалт наана, эм ууна, өвдөлт их бол хасагдахыг хүсэж байна уу гэлээ. Өө зүгээрээ. Надад нээрээ японоос Бумбраашаар захиж авчруулсан наалт зөндөө байгааг санав. Гэхдээ хэрэглээгүй яваад иржээ. 30, 40 минут дуг хийлээ. Сэрээд!!! Хэдхэн минут, хэдхэн цаг унтаад босох ямар хэцүү гээч. Үнэхээр там.

Хүүхдээ төрөхөд хэдэн шөнө дараалаад 3,4 босоход л тамирдаад сүг болдог гэтэл Дакарт болохоор яваад байдаг гэж бодлоо.

Эрэгтэйчүүдээ гэж. Гэхдээ л Дакар явах нь эмэгтэй хүн төрөхөөс хол амархан байх!

3 comments:

  1. Хэхээ. Үнэхээр нүдэнд үзэгдтэл бичиж. Өмнөөс чинь муурч унах нь байна.

    ReplyDelete
  2. “Mongolians Never Stops” Агуу юмаа

    ReplyDelete
  3. “Mongolians Never Stops" uneheer baharhaj baina shuu. btw ter aihalj guij ireed baisan zuil u bolj taarsan be

    ReplyDelete